Saturday, March 2, 2013

МАРИНА ЦЕВЕТАЕВА

Чиний нэр


Чиний нэр алган дээрх шувуу
Чиний нэр хэлэн дээрх мөс
Уруулын ганцхан хөдөлгөөн.
Чиний нэр тавхан үсэг.
Шидэлтэнд нь барьсан бөмбөг
Шивнэхэд сонсдох мөнгөн хонхлой.


Чимээгүй цөөрөмд шидсэн чулуу
Чиний нэрийг хэлэх шиг болно.
Хангинам аястай чиний нэр
Харанхуй шөнийн морьдын төвөргөөн.
Хан хийх бууны гох
Хацар чамархайд нэрээр чинь тасхийнэ.
Чиний нэр – ээ,нүгэл болно,хэлэлтгүй хэлэлтгүй.
Чиний нэр – нүдэн дээр үнсэнэ.
Чичиргээ үгүй зовхийг таална.
Чинйи нэр - цас үмхсэн юм болно.
Чиний нэр
Хүйтэн булгийн балга цэнхэр ус
Үйтэн шөнийн тулга гүн нойр.
1916 он. Блокод зориулсан шүлэг.

x         x         x

Танд би дурлагүй минь аз.
Та надад дурлаагүй чинь аз
Танд би дурлаагүй минь аз.
Хатан хүнд бөмбөрцөн дээгүүр
Хамтдаа алхахгүй минь аз.
Үгээ цэнэхгүй чөлөөтэй шулганаж
Үргэлж инээдтэй байх минь бас аз.

Ханцуй шүргэхийн төдийд
Хацар улайж тэвдэхгүй минь аз.
Өөрийн минь хажууд зоволтгүйгээр
Өөх хүүхэн тэвэрч байгаа тань аз.
Таныг биш өөрийг үнссэнийхээ төлөө
Тамын галд шатахгүй минь аз.
Энхрийхэн нэрийг минь,эелдэгхэн та
Энэ өдөрч,тэр шөнө ч дурсахгүй нь аз.
Сүмийн аниргүйд бидний тэргүүн дээгүүр
Шүтлэгийн дуу хэзээ ч уянгалахгүй нь аз.
Үүр шөнөөр тайван унтуулж
Үдшийн намууханд хааяахан дайралдаж
Сарны доор амраглан зугаалахгүй
Нарны туяанд адилсан шарагдахгүй
Өөрөө ч та мэдэлгүй,өөрийг минь амгалан байлгадагт
Өр зүрхнээсээ гялайлаа,гялайлаа.
Та надад дурлаагүй чинь аз.
Танд би дурлаагүй минь аз

Ахматовад зориулсан шүлэг

1.
Ай,найргийн тэнгэр минь,нулимсны тэнгэр минь
Ай,цагаан шөнийн гүймэл гэгээ минь
Хар цасан шуурга Орос оронд илгээнэ,чи
Хангинах дуу чинь сум шиг шигдэнэ,бидэнд.
Аах,гээд бид бултан ширвэхдээ
Анна Ахматова таныг үг дуугүй бишрэнэ.
Анна гэдэг гүнзгий санаа алдалт
Алс гүн рүү цүлхийтэл унах шиг болно.

Нэгэн тэнгэрийн доор газрын хөрс хөдөлгөн
Нэгэн титэм тохсон бидний заяа зол ижил
Чиний хувь заяагаар мөнхөд шархалсан хүн
Чиний л адил,мөнх бус хорвоод мөнхийн болно.
Алтан ганжирс найргийн хотод минь бадамлана.
Ариун Спасыг тэнүүлч сохор магтан шагшина.
Ахматова танд эгшиглэнт хотоо бэлэглэе.
Алаг зүрхээ дээр нь бас нэмж өргөе.
2.
Орчлонгийн атаархал юу ч биш!
Чихээ таглан зогсоно.
Оройн улаан гэгээнээр
Чихээ даран дуулна.
Хуйлрах давалгаа намайг эзэмдэн
Тулрах нуруундаа өргөн гаргана
Тэнгэрийн сар шиг ганцхан шүү, чи! Гэж
Тэнхээгээрээ чамайг магтана.
Зүрхийг шувуу шиг зүсэн
Үүлэнд шигдлээ гэж дуулна
Хилэн,авралаараа онцгой гэж
Хянган хамарт чамайг магтана.
Өнгө алт Кремлийг минь
Шөнө болон нөмөрлөө гэж дуулна.
Уянга эгшгээрээ дуу хоолойг минь
Уургалж хазаарлав гэж дуулна.
Ийм тунгалаг үүрийг би үзээгүй.
Ийм уянгалаг хоолойг би сонсоогүй.
Өөрийг чинь хорвоод бэлэглэчихээд
Өөрөө би хоосон буцсан ч жаргалтай.
Аяа гүн уянга,гүн хар шөнө
Амьсгал давхцтал чи дуулна.
Хаан суурины найргийн онгод гэж чамайг
Хамгаас түрүүнд нэрэлсэндээ би дэндүү жаргалтай.
3.
Ахиад л аврага дэвэлт
Алаг нүдийг сормуус бүрхэв
Ай амьгүй бие,биегүй үнс
Ай,жигүүртнээс ч хөнгөн!

Будант өдрүүдэд юу хийж байв?
Буурал болтлоо хүлээгээд л,дуулаад л,
Амьсгалах болгондоо санаа алдаад л
Амьд цогцос гэх юм алга байлаа.

Ай,ингээд нойрсож байгаа нь ч гэсэн
Амьд хүнийхээс ч илүү энхэрхэн харагдана.
Ариун тэнгэр,аврага бүргэдийн шинжээс
Агуулсан байлаа,шингээсэн байлаа ,өөртөө.

Үүрд нойрссон тэнгэрийн гашуудлын дуу
Эдемийн цэцэрлэг рүү дуудна.
Үүрд нойрссон тэнгэр –хилэн
Дуугаар цангасан юм шиг дуудна.

Он жил зуун зуунаар өнгөрнө.
Биднийг ,бидний гэр орон
Хөшөө дурсгалыг ч арчин хаяна.
Хэзээ ч ,хэдийд ч эргэж санахгүй.

Хамж шүүрдэх ч юмгүй болно
Хаан суурины эгшиглэнт охины дээгүүр
Халгай загалмайлан ургана.
Халхлан халхлан  ургана.

1916 он.


4.
Хүүгийн нэр –Лев –Арслан
Эхийн нэр –Анна
Хүүгийн нэрэнд хүрхрэл
Эхийн нэрэнд элбэрэл
Хонгор зул цэцэг шиг
Хонгор шаргал үстэй
Жижигхэн хаан
Жигтэйхэн сүртэй.
Тэнгэр минь,хүүд нь амьсгаа
Энхэр эхэд нь мишээл хайрла.
Эрдэнэ сувдын
Эрэлчийн харц хайрла.
Ээ,бурхан тэнгэр минь
Энэ хүүг ивээгээрэй.
Хааны хүү бусдаас
Хааны адил ярвигтай.
Ногоохон нүдтэй
Улаан шаргал арслан минь
Нэгээхэн хүнд өвийг залгамжил.
Хойт болон Өмнөд далайн
Цагаан сувдаар хэлхсэн
Хар эрх атгажээ,чи!
5.
Хэчнээн ч олон найз,хань нөхөд!
Хэнтэй нь ч чи адилгүй.
Энхэрхэн залуу нас чинь
Эрсхэн бардамхан,уйтай ч,гашуутай ч,

Умрын салхи шуурсан
Усан боомтын өдрийг
Каспийн тэнгисийн хүрхрээ
Сарнайн дэлбээг санаж байна уу?

Сийлбэр хүрээтэй чулуун зүүлтийг
Цыган хүүхэн чамд өгөөд
Алдаршина чи,алдаршина гэж
Амныхаа зоргоор чамайг хуурсансан...

Цэх өндөрт дарвуулын дэргэд зогсож буй
Цэнхэр цамцтай залуу
Тэнгэрийн аянга,тэрсэлсэн онгодыг дуудсан.
Тэр нь найргийн,яруу найргийн онгод байлаа.
1916 он

Чи хорих ёстой,би хоригдол.
Чи хуяг.Бидний тавилан нэг.
Захгүй энэ хорвоод
Замын хүнс маань ч адил.
Тэгээд ч би тайван зантай.
Тэрэн дээрээ нүд хурц!
Алив хуяг минь түрхэн суллаадхаач.
Тэрхэн царс хүрчихээд ирье.
1916 он.


7.
Авс ч бай,өлгий ч бай хамаагүй
Бүтээлгийг нь чи хуу татагч
Агаар салхийг хөөргөн дэврээгч
Аюулт цасан шуургыг дэгдээгч

Хараал ерөөл,хар дайны дэмийрэл
Хамжлаганд хашигдсан,хорон хэлт чи.
Алалдааны дугуйг өнхрүүлсэн
Арслангийн хүрхрээ сонсогдоно.

Аймшигт хашгичааны дунд нэг нь
Амаа ч нээхгүй дуугүй зогсоно.
Улаан,улаан дарвуулын дунд
Хар,ганцхан хар харагдана.

Агаарыг ч бай,тэнгисийг ч бай,
Алийг нь ч чи эзэгнэсэн хамаагүй.
Хэнхдэгээ наранд задгайлах мэт
Хэнхдэгээ дэлгээд үхэлд хүргэх үнэнийг хүлээнэ,би. 

Эх орон

Ээ,зоргоор урсдаггүй төрөлх хэл шүү дээ.
Эртээ урьд,надаас өмнө хөдөөний эр
Эх орон минь-Орос орон минь гэж
Эрх дураараа дуулж явсан нь юуных вэ?
Надад бол Калугийн толгодоос эхлэн
Налайж цэлийсэн миний эх орон!
Зуун уулсын тэртээх алсын алс
Зургийн чиг,хүний чиг-миний эх орон!

Төрөлхийн зовуурь минь хязгаар минь
Төрсөн нутаг минь язгуур минь
Аль чиг дайдад явсан зүрхэндээ тээнэм
Амьд яваагийн минь аз –тулгуур минь.
Ойрыг холдуулж,холыг ойртуулж
Одоо гэртээ хариач гэх хязгаар минь
Хаанаас ч,уулсын оддоос ч
Хагацуулж дуудах язгуур минь.
Ариухан уснаас ч цэнхэрхэн,алсхан
Алсханаас магнайгаа илбэх ч жаргал шүү.
Харцгаа! Гарыг минь чавчиг,хоёуланг нь.
Харин би газар дэлхийн тэмцэлдээний
Ганцхан бахархал-Миний эх орон гэж
Уруулаараа бичнэ,цаазын тавцан дээр!

1932 oн.

Зөвийг би мэднэ

Зөвийг би мэднэ
Үүнээс өмнөх зөв –зөв биш байжээ.
Зөөлөн энэ дэлхий дээ
Хүн хүнтэйгээ тэмцэлдэх хэрэггүй.
Харцгаа орой болжээ
Харцгаа,удахгүй шөнө болох нь.
Хайртууд,найрагчид,жанжингуудаа
Юун тухай шивнэлдэнэ вэ?
Орой,орой боллоо.
Газар дэлхий шүүдэрт дарагдан
Одтой цасан шуурга
Тэнгэр тэгнэн босох нь.
Газар дээр бие биенээ
Унтуулахгүй байсан бид нар
Газар доор ,удахгүй дээ,удахгүй
Унтана даа,унтана.Бид нар.

No comments:

Post a Comment