Sunday, March 3, 2013

ЗАЛУУ БАЙГАЛЬЧДЫН СТАНЦЫН АНХНЫ ЗАХИРАЛ


              Нарс гэдэг модоороо
              Наадмыг сийлсэн аав минь дээ...

Даваажавын Жамсрандорж гэдэг шавилхан шар хүү хүрээний бага
сургуулийг төгсөөд,эргээд сургуульдаа багшилж эхлэхдээ дөнгөж 16-хан
настай байжээ.Энэ залуухан багш ардын хүүхдүүдэд А,Б зааж ,ажлын
гараагаа эхэлсэн хэдий ч цаашид суралцаж ихийг мэдэх гэсэн хүсэл
мөрөөдөл зүрх сэтгэлд нь бамбар мэт дүрэлзэж байжээ.
Залуу хүүгийн зүмбэрлэх их хүсэл тэмүүлэл түүнийг тэр үеийн ЗХУ руу
хөтөлсөн байна. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд хүчир үе ч түүнийг
айлгасангүй. Тэрээр Калининград хотод Цэргийн сургуулийн химийн
ангид суралцаж эхэлсэн нь 1945 он.

Дайн дажины хүнд үед монголоос ирсэн оюутнуудыг хамгаалах
зорилгоор орос овог нэр өгдөг байж. Аав минь Давидов гэж нэрлэгдэн
хоёр жил суралцаад 1947 онд нутагтаа буцаж иржээ.Дайны хүнд үед монгол
хүүхдүүдийг олон жил сургах боломжгүй байсан байж мэдэх юм. Нутагтаа
буцаж ирээд Хэнтии аймгийн цэргийн ангид захирагчаар дөрвөн жил
ажиллажээ. Гэвч Улаанбаатар хотод амьдралынхаа ханьтай учирчээ.
Хэнтийгээс хот руу байсхийгээд л давхидаг байсан нь хайр дурлалын
эрч хүч ажгуу.
Аавын минь учирсан хань,бидний хайртай ээж Рэнцэнгийн Сэр-Од бол
тэр үедээ Санхүүгийн техникомын арван хурууны хурдан бичээчийн курс
дүүргэсэн гунхсан цагаан хүүхэн байжээ.

Ээжийн яриа: Аав чинь их сайхан хүн байсан юм шүү,залуудаа. Өтгөн
халимагтай,тэвхэлзсэн шар залуу байж билээ. Би аавтай чинь
танилцсаныхаа дараахан нэг хуудас дүүрэн шүлэг бичсэн. Тэгээд нэг удаа
уншиж үзсэнээ ээж үзчих байх гээд ураад хаячихаж билээ.Их ичимхий
байж дээ...

Аав маань хотод сууршихаар шийдэж,Хэнтийгээсээ бүрмөсөн шилжиж
ирсэн байна. Хоёр залуу нэгэн шинэ айл гэр үүсгэн анхны галаа
асааж,анхны охиноо төрүүлжээ. Аав маань хоёрдох охиноо буюу намайг
арай гараагүй байхад 1951 оны 9-р сард МУИС –ийн хими биологийн ангид
суралцахаар орсон байна.

Аавын яриа: Би Их сургуулийн хажуугаар явах болгондоо л,би энэ
сургуульд заавал орж суралцана даа гэж боддог байсан. Тэгээд 27 тойдоо
Хими биологийн ангид орсон доо...

Ээжийн яриа: Нөхрийгөө Их сургуульд ороход би хоёрдохь охиноо
төрүүлэх гээд төмпөн шиг гэдэстэй амьтан гэртээ сууж байлаа. Хэзээ
Жамсрандорж сургуулиа төгсөж, хэзээ бид нар дээд мэргэжлийн өндөр
цалинтай залгах бол доо? Таван жил гэдэг мөн ч их хугацаа даа гэж
бодож байсансан...

Гэтэл залуу хосод таван жил гэдэг нүд ирмэхийн зуур өнгөрчээ.Аав
минь 1955 онд Их сургуулиа төгсмөгцөө Залуу байгальчдын станцыг
үүсгэн байгуулалцаж анхных нь захирал болсон байна. Одоогийн “Орчлон”
сургуулийн хойхно орших томоо хашаанд алим ,үхрийн нүд,сонгино сармис
тарьж,нийслэлийн сургуулиудын хүүхдүүдэд газар шороо,байгаль эхтэйгээ
зөв харьцах ухааныг сургасан дугуйлан ажиллуулдаг байлаа. Аав минь
сурагчидтайгаа цуг алимын модоо усалж тортож,давжаа алим гэдгийг хувин
саваар дүүрэн хураачихсан ажилчиддаа,хүүхдүүддээ хувааж суудаг
байсан нь одоо ч нүдэнд тодхон харагдана. Сэлбэ голоос суваг татан
байцаа,төмсөө услах шинэ арга сэдэж,Шаамараас алимын мод бөөн бөөнөөр
нь авчирч суулгадаг байсан.Давжаа алимын нилээд хэдэн мод Улаан-Үдээс
авчирсан нь сүүлдээ жилээс жилд олширсоор тэр том хашааны бараг нэг
талыг эзэлдэг байсан санагдах юм.

Зундуйн Оюунцэцэг: Манай аав Залуу байгальчдын станцын анхны
нягтлан бодогч байсан юм. Танай аав чинь алимын модоо бараг л
өөрийнхөө дээл хувцаснаас илүүчлэн бүтээж,хулдан ороож өвөлжүүлдэг
байсан байхаа. Баахан л хучсан,бүтээсэн моднууд өвөлждөг байсан даа...

Аав минь Залуу байгальчдын станцыг хөл дээр нь босголцож , “Хөдөө
аж ахуйн үндэс” гэдэг анхныхаа номыг гаргаж байсан тэр цаг бол
1955-аас 1963 он билээ. Тэр үеийн Улсын Их хурлын дарга Ж.Самбуу
гуайгаас “Засгийн газрын хүндэт жуух” бичиг гардан авч, 50 мянгатын
гурван өрөөний түлхүүрийг атгачихаад эхнэр хүүхдүүдтэйгээ өргөө
гэрийнхээ хаалгыг
хөөр баяртай онгойлгож байсан сайн эцэг,олон сурагчидаараа
хүрээлүүлсэн тэргүүний сэхээтэн байсан билээ. Тиймээс ч 1963 онд
“Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан”болсон байна.
Аав минь 1963 оноос нийслэлийн 12,4,45 –р сургуулиудад хими
биологийн багшаар насныхаа тэтгэвэрт гартлаа ажилласан юм. Энэ
хугацаанд хэдэн зуун шавьтай болсны дотор
эрдэмтэн,сэхээтэн,сэтгүүлч,эмч,багш нар олон байдаг .
Аав ээж хоёр минь тавиад жил ханилан суухдаа дөрвөн хүү,гурван
охин төрүүлж өсгөсөн ач гучаа бүүвэйлсэн алдарт ээж,халамжит эцэг
байсан билээ.
Аав минь улсад 47 жил тасралтгүй ажлаад 1989 онд , ээж минь үр
хүүхэд,ар гэрийн их ажлын хажуугаар нягтлан бодогчоор 40 гаруй жил
ажиллаад , хоёулаа гавьяаныхаа амралтанд суусан билээ.
Аав минь орос хэлтэй,бичгийн өндөр чадавхитай, үлгэр дуурайл болсон сайхан
сэтгэлтэй ,хүүхдүүд бидэнтэй ч,шавь нартайгаа ч андын ёсоор үнэн
үгээр санаа бодлоо илчлэн ярьдаг байсансан.
Ингээд аавынхаа бяцхан намтарыг аавыгаа дурсан санасан шүлгээр төгсгөе дөө.


ААВАА ДУРСАХУЙ

Ачлалт аавыгаа санан дурсахад
Алтан үзэг ч элэгдэх биз ээ.
Ариухан үнэн сургаалийг нь гүйцээхэд
Амь нас минь ч хүрэхгүй буйзаа.

Үрс биднийгээ зөв яваасай гэхдээ
Үүр шөнөөр зовж л сэрдэг байсан даа!
Энэрэл ачийг нь хариулж чадаагүй бид
Ийм л хэдхэн мөр хэлхэх юм даа.

Амьдралд дийлдэж явнуу гээд зовнихдоо
Амарч чадахгүй л байгаа даа, диваажиндаа.
Бидний байж байгааг хараад, тэвчихгүй
Би арай эрт явчихжээ гээд өмөлзөж суугаа даа!

Ачлалт аавыгаа санан дурсахад
Арван түмэн дэвтэр ч багадах биз ээ.
Ариухан үнэн сургаалийг нь биелүүлэхэд
Амь нас минь ч хүрэхгүй биз ээ!


No comments:

Post a Comment