Tuesday, March 5, 2013

ӨНӨӨДӨР ХАМГИЙН САЙХАН БАЙГААСАЙ


Маргааш...маргааш... Монголчууд бид маргааш гэж хэлдгээрээ алдаршсан улс. Манай улсыг маргаашийн улс гэж дамшиглаж байсан нь саяхан. За,энэ ч яахав.Манайх ядахнаа маргааш сайхан болбол ч сайхан л байна.
Гэхдээ хүмүүс яахаараа маргааш гэдэг үгийг хэлдэг юм бэ?Маргааш болтол амар амгалан байж байгаад маргаашнаас л эхлээд бодож хийе гэдэг юм болов уу?
Маргааш гэдэг хязгааргүй учраас тийм их сонирхолтой юм болов уу? Маргааш гэдэг хязгааргүй өнөөдрийг урагшлуулах юм бол уржигдар,уржигдарын уржигдар болдог шүү дээ. Энэ бас сонирхолтой байгаа биз дээ? Маргаашаа гэж!
Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход
Миний нойр хулчин одож
Чиний дэрний доогуур шурган орно...
Би иймэрх
үү дэмий юм бодон цэцэрлэгийн дундур алхаж явснаа суумаар санагдан ийш тийш харваас нэгэн урт сандлын цаад үзүүрт хоосон суудал харагдав. Хөлнөөсөө илүү толгой маань ч ядарсан юм шиг. Олон олон бодлоо жаал цэгцэлж,бодсон юмаа алдчихгүйн тулд сууж тавламаар чиг.
Бушуухан шиг сууж аваад л н
өгөө маргаашийн тухайгаа бодов.Маргааш гэж болздог болохоос уржигдар гэдэггүй шүү дээ.Гэхдээ уржигдар гэж болмоор.Данзанравжаагийн шүлгийг уншиж байгаа маань уржигдартай уулзаж байгаа хэрэг биш гэж үү?Уржийн уржигдар нь хол болохоор ,тийшээ унаа хөсөг явдаггүй , бид өөрсдөө уржигдарын хэл усыг мэдэхгүй болохоороо залхуураад байдаг болохоос явбал бас л тэнд нэг хүнтэй уулзаж болно л доо.Ийнхүү сууж байтал хажууд суугаа надаас ахимагдуу эмэгтэй,

- Та аль нутгийн хүн бэ? гэв

- Би монгол хүн байнаа гэвээс тэрээр инээвхийлэн,

- Тэгээд энэ хүртэл алхаад ирэв үү? гэж хөгжил дэгдээн хөөрөлдөх гэснээ,

- Одоо ч хүмүүс хөлөөрөө амьдардаг болж дээ гээд дуугүй болчихов.

Чонын цаг ирж дээ гэсэн шүү юм толгойд эргэлдсэнээ,

- Хөлөөрөө амьдрах гэж юу гэсэн үг вэ? гэж тэнэгдүүхэн юм асуулаа. Эмэгтэй бууралхан санчигаа зассанаа,

- Яахав дээ, хүү маань өдөржин ажил хөөцөлдөж давхиад,охин маань эрээн мяраан хувцас өмсөөд тайзан дээгүүр хөлөө солбилзуулан алхаж л амьдарцгаах юм байна шүү дээ. Бидний үед ихэнх нь толгойгоороо амьдарч байсан даа Ихэнх нь... гэж шүүрс алдав.

- Толгойгоороо маргаашийн маргаашт,уржигдарийн уржигдарт ч хүрч болно.Хөлөөрөө бол зөвхөн өнөөдөр л амьдрана шүү дээ гэж би их л ухаантай юм хэлчихлээ гэсэн маягтай өөрийнхөө бодолд хөөрөн эмэгтэйн нүд рүү ширтвээс түүний нүдэнд нээг их гуниг үүсэх шиг болов. Намайг хөөрүү хийрүү нэгэн байна гэж бодсон уу,эсвээс өөрөө толгойгоороо ч,хөлөөрөө ч хаашаа ч явмааргүй ядарсанаа хурц мэдэрсэн үү,бүү мэд. Бид ахиад л тайван дуугүйхэн сууцгаав. Ингээд бие биенээ ойлголцоод дуугүй суух чинь ямар сайхан юм бэ? Зарим хүмүүс чинь англи,оросгүй байж болно, монгол ч үгүй,хүн А гэхээр Б гээд ам хамхихгүй ярьдаг хүмүүс их бий шүү! Ай,мөн хэцүү юм чинь тэр.

Өнөөдөр...өнөөдөр миний өнөөдөр чи шүү дээ. Чи минь миний уржигдар мөртлөө өнөөдөр байж чадсан чинь юутай гайхамшиг. Чи минь байгаагүй бол би яах вэ?

Зэрэгцэн суусан бидэн хоёрын ширтэх зүг нэг
Зэрвэсхэн харсан хүнд бол нэг хүн мэт.
Өргөн мөрийг чинь түшин алганд чинь алгаа наана.

Өрөвч сэтгэлийн чинь элч алжаал юугий минь тайлна... Энэ миний өнөөдөр. Өнөөдөр чинь хамгийн үнэтэй юм байна. Миний өнөөдөр өнгөрөхгүй байгаасай гэж би хүснэ. Миний өнөөдөр маргааш гэхэд буурал толгой болно гэж үү? Пүү,ийм юм бодохыг ч хүсэхгүй байна. Миний өнөөдөр битгий л уржигдарын уржигдар болоосой. Ийнхүү бодолдоо умбан суутал буурал эмэгтэй,

- Та бол толгойгоороо энд ирсэн хүн байхаа. Танд амжилт хүсье. Өнөөдөр чинь хамгийн сайн сайхан байх болтугай гээд босож явлаа. Урам хайрласан сайхан эмэгтэй бас л өөрийнхөө өнөөдөр лүү явчихлаа. Түүний өнөөдөр минийхтэй төстэй ч магад,үгүй ч байж магад.Лав л өөрт нь өнөөдөр байгаа. Түүн рүүгээ яарангуйхан явчихлаа.За,байз нөгөө шүлэг маань,

Маргааш хоёулаа уулзая аа гэж
Бидэн хоёрыг болзоход
Чиний нойр хулжин одож... хаачих уу? Хаашаа одох уу? Х
өөх,чиний утсаар ярих цаг болчихож.
Гары минь гартаа атгана чи,утсаараа
Гадаа гэрт үргэлж холбоотой,сэтгэлээрээ.
Үгний чинь зөөлөнд зориг чангарана.
Үсний чинь өнгөнд зүүд сарнина... Have a good day! Би ийнхүү догдолсон сэтгэлээ барьж чадахгүй хармаанд байгаа гар утсаа тэмтрэв.

Жамсрандоржийн Оюунцэцэг

No comments:

Post a Comment