Saturday, March 2, 2013

ТОНЕ ХОГЛЕНД

 ХОЁР  ГАЛТ  ТЭРЭГ
“Давхиж яваа хоёр галт тэрэг” гэдэг  дууг
Дандаа л шөнийн цагаар нэвтрүүлдэгсэн.
“Үдэш үүрээр” гэдэг  радио программ  байдагсан.
Үнэхээр л  галт тэрэгний тухай  дуу гэж би бодно.

Хөгжөөнтэй нэг нь ,энэ чинь эхнэр нөхөр хоёр
Хөнжил дотроо  хийдэг  ажлын  тухай дуу гэж билээ.
Локомотивийн бул,бүлүүрүүд зэрэг зэрэг хөдөлдөг
Хэн хэнээсээ хоцрохгүй  гэсэн галт тэрэгтэй адил гэлээ.

Хоёулаа  зэрэгцэн  “давхих” гэж нэлээд уддагсан.
Хоёулаа  нэгэн зэрэг хонгилоос урсан гарч ирэх гээд
Нэг  нь  уулын  цаагуур орчихлоо.
Нэн  харанхуй хонгил руу шургачихлаа.

Жирийлгэн  давхих  хоёр галт тэрэг
Жигтэйхэн сайхаан,нэгийгээ гүйцээд  л ирнэ.
Хөөрхөөн,эхлээд  нэг нь , дараа нь нөгөөх нь
Хөх тэнгэрт утаа савсуулан орилох мэт.
Орилох нь гоёоо,үхмээр гоё.

Ингээд  би энэ дууг сексийн тухай дуу гэж
Ихээ олон жил бодож явлаа.

Тэгтэл Макс надад,хоёр галт тэрэгний тухай
Тэр дуу чинь Иисусийн тухай дуу гэлээ.
Өнөөдөхь нь нөгөөхийгөө сүүдэр мэт дагаж
Өсгийг нь гишгэх холгүй араас нь алхдаг нь
Иисус чиний араас мөрдөж, салахгүй дагадагтай  адил.

Иисус чиний шалгагч, чиний инженер.
Илчлэг тос, тосолгоо,нүүрс  чинь гэлээ.
Чамайг унах үед чинь тосоод бариад авна.
Бүдрэх төдийд чинь дэмнээд
Бүрэнхий харанхуйгаас  хамгийн өндөрт гаргана гэлээ.
Ингээд би хоёр галт тэрэгний тухай дууг
Иисусийн сүмийн авралын дуу гэж боддог болов.

Он жил өнгөрсөөр би арван хоёроор нас нэмэв.
Онгон зүрхэнд минь Шароны  өсгий шигдэж хоцров.
Санта-Фи хот дахь ажилаасаа ч би гарлаа.
Саяханаас  Дин манайхаас нүүж  одлоо.
Одоо бол би,тэр хоёр галт тэрэгний тухай дууг
Уучлахын тухай ч байж болно гэж бодох боллоо.

Тэр бид хоёр  цагийн өөр өөр бүсэд .
Тэр ч байтугай хурд маань ч өөр өөр.
Хүрэх цэг маань ч өөр өөр.
Уучлаарай,тэр ч байтугай бид хоёр
 Ухаангүй хурдлах галт тэрэг ч биш шүү дээ!

Элэг  зүрхнээс  хүмүүс  элтэрч  унаад  л
Ээ халаг,ямар гунигтай  хорвоо вэ?
Цаг хугацаа биднийг тэрэг тэргээр
Цааш нь,холын холд авч одоод л.

Дөнгөж галт тэрэг хурдлаад өнгөрөхөд
Дөчирсөн  аниргүй  дүнсийгээд  ирдэг шиг
Эргэн тойронд далай их зай хонхойгоод л
Ээх, би гэдэг,сандалтайгаа
Энэ дэлхийд ганцаараа  хөвж явах шиг санагдах юм!

No comments:

Post a Comment