Monday, April 1, 2013

Америк яруу найргаас


 
КИМ  АДДАНИЗИО

               ЧАМДАА ЗОРИУЛСАН ШҮЛЭГ.

Чинийхээ биеийн шивээсийг

Чимээгүйн дунд тэмтрэх би дуртай.

Цээжээрээ мэднэ дээ,хаана юу байгааг.

Мөөмний чинь тойргоос цацрах зураасаас

Мөрөн дээрх луутай чинь уралцах гэсэн

Мөгөөрсгүй цэхэр могойг хүртэл бүгдийг мэднэ.

Хайрандаа цадаад цуцсан хэдий ч

Харанхуйд ахиад л уруулаараа эрнэ.

Цус чинь хөрч,арьс чинь хатсан ч

Чухамдаа энэ л зураг үлдэнэ дээ.

Чухал гэдгээ батлах мэт үлдэнэ дээ.

Яагаад гэвэл,би шөнөөр далимдуулан

Ядарсан гараараа энхрийлсэн юм чинь.

 

ЖУДИТ  ОРТИЗ  КОФЕР.

                 ШҮД

Зүүдэндээ шүд унахыг үзэх нь

Үүдэн дээр үхэл ирлээ гэсэн үг гэж

Ээжийн хэлэхийг би сонссон юм байна.

Хэлхээ ясаа шажигнуулан үхэл ойртоно,

Хэлж бай,бурхан минь гэж унтахынхаа өмнө дууд!

Авга эгч Котильдагийнхаа залуу харагддаг

Айхтар нууцыг мэдэхээр өрөө рүү тогшилгүй орж билээ.

Аальгүй, хүүхдийн гэнэн зан минь тэр.

Авга эгч минь толиныхоо өмнө

Асгарсан хар үсээ самнаж суулаа.

Хажууд нь шилэн аяганд хиймэл араа нь

Хачин тодхон хөвж байлаа.

Хонхойж ОМОЙСОН хацрыг нь хараад би

Хойшоо ухран гүйж одсон билээ.

Эгч намайг харсан л байх даа.

Эгчтэйгээ дараа нь зөндөө л нүүр тулсан даа.

Энэ тухай харин нэг ч үг дугараагүй дээ.

Гэхдээ л түүнийг инээх болгонд

Нуугдсан шарил дээгүүр чинь гишгэлэх мэт

Нуруу руу хүйт оргиод явчихыг яана!

              Орчуулсан Жамсрандоржийн Оюунцэцэг.

 

 

No comments:

Post a Comment