Tuesday, April 2, 2013

МӨНХӨР.


 РАСУЛ  ГАМЗАТОВ.

           МӨНХӨР.

Сарны дор чи минь мөнхөрхийн төлөө

Хормын дотор би хором болж чадна.

Буруушааж зэмлэн намайг бүү зовоо

Бүхий л амьдарлаа чамдаа өгөхөд бэлэн байна.

Удаан жаргалтай ус уухын чинь төлөө

Улаан солир болон хувирч би чадна.

Гагцхүү гэмтэн болгон бүү зовоо

Ганц амьдарлаа чамдаа өгөхөд бэлэн байна.

Элдэв нүглийг минь бүгдийг чи март

Эрхи мэт эргүүлээд тоолоод яах вэ?

Утаат молор шиг тэнгэрийн дор

Уг амьдарлаа чамдаа өгөхөд бэлэн байна.

Давс нэмж шархыг минь сэдрээгээд яахав

Дахин хэлье,өвдөг сөгдөн хэлье.

Чи минь мөнхөр,би хором больё.

Чиний төлөө үхэхэд бэлэн байна.

 

       ХАЙР.

Хүсэл хайр гэдэг их сургууль байхаа

Хүссэн болгон сурч чаддаггүй байхаа

Баяр жаргал,уйтгар гунигийг оюутнууд нь

Өдөр шөнөгүй л сурч байдаг байхаа.

Ухаантай ном олныг л эргүүлсэн би

Учрыг олж нэг л юмыг ойлгосон.

Хүний алдаан дээр ерөөсөө

Хүн болгон сурч чаддаггүй юм байна.

Ухаарч сурсан маань сийрэгхэн л байсан

Унаж ч байсан,ухасхийн босож ч байсан.

Дэндүү бүдүүлэг алдаа гаргаж

Дэмийг ярьж,бурууг хийж явсан.

Хайр гэдэг их сургуулийн мөнхийн оюутан би

Харин дэндүү бага юм амжсан даа.

 

        ГҮЙН ГАРЛАА.

Алс газар явахаар шийдлээ,би

Аян замын тасалбар хүртэл авахаар боллоо.

Надтай амьдархад диваажинд шиг биш ч гэсэн

Надгүй бас уйтгартайг чи ойлгоосой гэж бодлоо.

Хаашаа ч хамаагүй явахаар шийдлээ,би

Харь холд алга болохоор бодлоо.

Нулимс цийлэгнүүлэн,чи намайг

Нуга нугаар эрэн гүйгээсэй гэж бодлоо.

Холын холд дүрвэн одохсон

Хонгор минь хүнд гарз гэдгийг ойлгоосой...

Харин тэгтэл нэгэн мөчид мэдлээ.

Хаашаа ч юм чи явчихаж,би гэртээ ганцаараа.

Хамгаас буруутай би бүхнийг мартан

Хайрт чамайгаа эрэхээр гүйн гарлаа.

 

     ӨВЧНИЙ  ТУХАЙ.

Эрүүл саруул цэцэглэж яваа хүмүүс

Энэ амьдралд ерөөсөө үхэл үгүй

Эв эрүүл,хүчтэй шүү бүгдээрээ гэж

Энгийн зангаараа бодоход ч бэлэн байдаг

Олон ч эмнэлэг дамжсан

Олон ч нас насалсан надад бол

Заримдаа,дотроо өвчингүй хүн

Замбуулин дээр байхгүй гэж бодогдох юм.

Өвчинд баригдсан олныг харж л байна,гэхдээ

Өрөөлийг эмчилдэг нь би биш л дээ.

Хэн нэгний харгис,эсвэл харгис биш өвчин

Хэлэхэд хэцүү зовлон,гэхдээ би яах билээ.

Аль нэг нь миний амгаланг алдагдуулана.

Амьдралынхаа туршид тэднээс айж л явах юм.

Хүмүүсийн хүн чанарын эд эс гэнэт

Хүйтэн хорт хавдрын суурь болчихвол яана.

Атаархал жөтөөрхөл,шунал дайсагнал

Амьтны жихүүцлийг хөдөлгөж

Хэн нэгний цээжин дотор

Хэрцгий эргэшгүй микроб үүсвэл яана.

Саяхан л эр зоригтой явсан нэгэн

Зогсиох мэт дүйнгэ болохоос айх юм.

Бусдыг гомдоох аюултай хүслээр

Буурал найз минь өвчилвөл яана.

Аль нэг маань хэрцгий болж ,эсвээс

Алив нэгэн аймаар тэмүүлэл төрвөл яана.

Эд хөрөнгө,засгийн эрхийг эзэмших

Эдгэршгүй өвчин нэг нь тусвал яана.

Хуучин гомдлын шарх шажигнаж

Хүн зарцлах халдвар сэтгэлд оршсоор байна.

Гэхдээ СЭТГЭЛЭЭ л өвчнөөс эдгээчихвэл

Гэнэн бид биеийн өвчнийг заавал ялна.

 

         ХОРВООГИЙН МЯНГАН ЭР.

Хэрвээ хорвоогийн мянган эр

Хээнцэрхэн чамайг минь бэр буулгахад бэлэн бол

Ай даа,энэ мянган эрийн дунд

Расул Гамзатов би байгаа гэдэгт итгэ.

Шөрмөс нь зангирсан зуун эр

Чиний сайханд аль хэдийнээ эзлэгдсэн бол

Тэдний дунд уулын эр Расулыг

Тэр гээд төвөггүйхэн харж болно.

Арван эр чамд минь дурлаад,хэрвээ

Ариун хайраа нуухгүй байвал

Хөөрөөд л,гуниглаад л , тэдний дунд

Хөөрхий Расул зогсож л байгаа.

Ердөө гав ганцхан эр

Ерөөсөө хувирахгүй чамайг мөрөөдөж байвал

Энэ бол үүлэнд шумбасан уулын

Эгэлхэн хүү Расул би шүү.

Чамд минь хэн ч дурлахгүй

Чи минь үдшийн бүрийгээс уйтгартай бол

Хүний хүү Расул Гамзатов уулынхаа

Хүрмэн чулуун дор нойрсож байгаа гэж бодоорой.

 

        *     *      *

Анх удаа чиний өмнө буруу юм хийчихээд

Амаа хөдөлгөх төдий “уучлаарай” гэж шивнэсэн.

Хоёр дахь удаагаа бас л буруудчихаад

Чам руу эгцэлж ч харж чадахгүй ирэхэд

Чи минь зэмлэнгүй харж

Энэрэнгүй сэтгэлд хязгаар байдгийг

Эвтэйхэн надад сануулж билээ.

Гурав дахь удаагаа удалгүй буруудаад

Гутамшигаа би өөрөө хүлээлээ.

Одоо ч бүүр найдлагагүй гэж ойлгоод

Дэмий үгийг минь хяргаж хаясан

Дэндүү гунигт харцыг чинь өвөртөлсөн

Тэгтэл чи гэнэт өршөөлт гараараа

Тэнэг толгойг минь шүргэж билээ.

 

     *      *         *

Бидний маргаан утга учиргүйг

Хэн ч гэсэн батлана даа,батлана.

Хөмсгөө ч зангидаж чадахгүй

Хөөрхий дөө, хөөрхий бид хоёр.

Цааргалж маргасан шалтгаанаа

Цагийн дараа л мартах юм чинь.

Цайлган инээмсэглэх нүднийхээ харцыг

Цаашаа нуухын аргагүй юм чинь.

Нулимсаа урсгахаас айдаггүй нь

Нуулгүй хэлэхэд дэндүү хайр.

Туулайн гүйдэл шиг салхи

Туугдсан аянга шиг болж ч болно.

Яагаад ч юм хааяа хааяа

Ямар ч онцгой шахалтгүйгээр

Хайрт хоёрын сэтгэл

Хайраасаа жаахан амармаар ч юмуу даа?

                  Орчуулсан Жамсрандоржийн Оюунцэцэг

 

No comments:

Post a Comment