Saturday, April 13, 2013

ЖАМСРАНДОРЖИЙН ОЮУНЦЭЦЭГИЙН ЯРУУ НАЙРГИЙН ЕРТӨНЦӨӨР.


Монголын яруунайрагч эмэгтэй Жамсрандоржийн Оюунцэцэгийн “Алган дээрхи шувуу” шүлгийн

түүврийг АНУ-ын Чикаго хотын Publisher Megatron Group-ээс 2012 онд хэвлэн гаргажээ. Магадгүй,

энэ бол АНУ-ын хэвлэлийн компани, монгол найрагчийн номыг хэвлэсэн анхны тохиол ч байж

болох юм. Үүнийг үл өгүүлэн яруунайрагчийн шүлгийн уран яруу амт шимтэнд умбаснаа өгүүлэе.


1980-аад оны эхээр Д.Пүрэвдорж нарын Монголын яруунайргийн аваргууд залуу шүлэгчдэд

зөвлөхдөө, охид бүсгүйчүүлд нь: - Та нар эмэгтэй хүний сэтгэлийг л гаргаад ир. Та нар чинь эрчүүд

биднээс өөр шүү дээ. Тэр өөр, эмэгтэй сэтгэлээ л уудлаад, урлаад гаргаад ир, тэгвэл л тэр чинь та

нарын яруунайраг болно гэдэг сэн. Бүсгүй найрагчийн сэтгэл Ж.Оюунцэцэгийн “Маргааш хоёулаа

уулзая” шүлэгт ийн буужээ.

 

... Маргааш хоёулаа уулзая аа гэж

 

Бидэн хоёрыг болзоход

 

Чиний дуулсан дуу салхи хөлөглөн ирж

 

Миний ээмгэнд долоон өнгөөр шингэнэ,

 

Шөнөжин би, нүдний чинь харцыг даган

 

Нүцгэн толгод, цэцэгт тал хольж зүүдэлнэ.

 

Маргааш хоёулаа уулзая аа гэж

 

Бидэн хоёрыг болзоход

 

Миний нүүрнээс оддын туяа ойж

 

Чиний хазаарын мөнгөн товруунд гялбасхийнэ.

 

Шөнөжин чи, үсийг минь илж

 

Үүлс нүүлгэн, бороо шаагиулж зүүдэлнэ ...

 

Ерөөс яруунайраг ямар байх вэ, юуг шүлэг найраг гэх вэ гэдгийг хэлэлцэж, хэрэлдэж ирсэн нь бол

их л эртнээс байх. Ярьж ярьж, маргаж маргаж яг тогтсон юм нь юу вэ гэвэл яруунайргийг ямар

нэгэн онол, бодлогоор ч юмуу, эсвэл яруунайраг гэдэг яг ийм, тийм байх ёстой гэсэн ягшсан дүрэм

журам, тогтсон тодорхойлолтын дагуу бичихгүй гэдэг дээр л харин нэг санал нэгдсэн ажгуу. Бүсгүй

найрагчийн бүтэн сэтгэлийг би харин “Алган дээрхи шувуу” мэт харнам.

 

Түүнд би хайртай байсан

 

Хэнд ч хэлээгүй дуулж явсан

 

Тэрхэн үедээ зүрх гэдэг

 

Энэхэн биенд минь багтахгүй байсан

 

Харин тэр намайг мэдээгүй

 

Хархан нүдээрээ эгцэлж ширтээгүй

 

Ондоо охины гараас хөтлөн

 

Оройн салхинаа зугаалдаг болсон

 

Би тэгэхэд нь цонхоор харан

 

Битүүхэн санаа алддаг болсон юм

 

Цонхны шилэн дээр нэрийг нь бичин

 

Анхны шүлгийн мөрөө олсон юм.

 

1973 онд бичсэн энэ шүлгээрээ цэл залуухан Ж.Оюунцэцэг яруунайрагч болсноо зарлаж байгаа

юу даа. За тэгээд л “найрагч болсноо зарлана” гэж их ярих юм, би ч бас бичиж сууна, хөөе.

Яруунайрагч гэдгээ нэг мундаг шүлгээрээ “зарлаад” л, тэгснээ дараачийн лут бүтээл хүртлээ

чимээгүй ч юм шиг, найрагч биш ч юм шиг яваад байдаг юмуу, хаашаа юм. Яруунайрагч болохоо

зарлалаа хэмээх энэ үг найрагчдын, эсвэл шүүмжлэгчдийн олон гоё үгийн л нэг юмуу даа. Найрагч

хүн ер нь л найрагч байдаг байх, эсвэл төрдөг байх. Ингэхэд түүний “зарлаагүй” олон шүлгээс

яруунайрагч болохыг нь олж харж болно. Жишээ нь 1972 онд бичсэн “Жинчин” шүлэгтээ:

 

Жингийн тэмээнд ачаалан/ Хоногийн уртад тээсэн/ Аав минь жинчин хүн байсан ...

 

Аян замын уртыг туулаагүй ч

 

Ааваа удамласан би бас жинчин

 

Хүн, хүний сэтгэлийн үгийг

 

Хүргэж холбосон шууданч хүн.

 

Хоногийн уртыг оюунаараа хөтөлж ...

 

Аяны цуваа шиг өдөр цагийг

 

Ардаа орхин урагшилж явна.

 

гэжээ. Нэлээд дээхэн үеийн жинчин эр хийгээд түүний ихэд орчин үеийн найрагч охин хоёрын

хооронд ажил мэргэжлийн ямар уялдаа холбоо байх сан билээ, гэвч урансанаагаар ийнхүү

ургуулан бодвоос ийн харилцан хамаатай, холбоотой зүйл ажээ. Тэгвэл монгол найрагч охин

“Расул Гамзатов Танаа” гэж байгаад уранбүтээлийн чиг, зорилтоо аль 1976 онд тодорхойлжээ.

 

... Дагестаны од орой дээрээс

 

Даллан дуудаж зүрх догдлооно ...

 

Уянгат найрагт тань хөтлөгдөж

 

Уранзохиолын замд орлоо, би.

 

Эргэж Та харалгүй

 

Эрчлэн хурдлан давхиарай

 

Ээжийн охин миний

 

Барианы газар хол байг.

 

Тийм ээ, түүнийг найрагч сэтгэлгээ энэ шүлгээс нь ч бас харагдаж байна. “Мэргэн Расул минь Та/

Миний гараас хөтлөөч дээ” гэсэнгүй, Та бүүр хол яваарай, бүр саадтай замаар бүх саадыг даваад

бүр “эргэж харалгүй эрчлэн хурдлан давхиарай”, тэгэх тусам тань би Таны араас нэхэн бүр хол

явна гэж сонин содон сэтгэжээ. Шүлэг, зохиол гэдэг ер нь явж, явж сэтгэлгээ юм уу даа. Тиймдээ ч

Дэлхийн том зохиолч, найрагч нар цөм гүн ухаантан, их сэтгэгчид байдаг. Найрагчийн эхэн үеийн

“хэн ч ажиглаагүй”, хэн ч гэж би шүүмжлэгч нарыг хэлж байна, энэ шүлэг нь гэхэд л түүнийг аргагүй

л Явуугийн “хамаатан садан” мөнийг илтгэнэ. Явуугийн нэгэн алдарт шүлгийг уншигч Та лав мэдэх

биз ээ.

 

Харахаас ялдам хонгор бүсгүй минь ээ

 

Хайрын тухай битгий дуулаач

 

Наалинхай хонгор аашаа дэлгэж

 

Надад битгий нүүр үзүүлээч ...

 

Тийм ээ, Явуу бас содон сэтгэж байж. Бусад нь “сайхан бүсгүй минь наашаа хараач дээ” гэж

байхад.

 

Тэрчлэн “нарны илч өвөл холдоод хавартаа эргэдгийг” яргуйтай холбосон, газрын халууныг

ижийнхээ өргөсөн сүүтэй уялдуулсан:

 

Тунгалаг нарны илч нь

 

Өвөлдөө нэг холдохдоо

 

Туяхан яргуй цэцгийг гээд

 

Хавартаа эргээд ирэв үү ...

 

Газар дээр би

 

Гарынхаа алгаар дарлаа ...

 

Өглөгч буянтай нар

 

Илчээ өгснийх байлгүй

 

Өгөөмөр сэтгэлт ижий минь

 

Сүүгээ өргөснийх байлгүй

 

Газар ч халуун

 

Гар ч халуун байлаа.

 

Тэгвэл “Хиймэл цэцэг үнэргүй гэнэ үү” шүлэг нь Ж.Оюунцэцэгийг “зарласан” шүлгийн нэг юм.

 

Хиймэл цэцэг үнэргүй гэнэ үү

 

Хийсэн хүний сэтгэлийг яана вэ ...

 

Өөрийн биш, хүнийх гэнэ үү

 

Үйлийн үргүй хайрыг яана вэ.

 

Ердөө наймхан мөр энэ шүлэг Монголын яруунайргийн сонгодогт магад орох буй за. Түүний бас

нэг сонгодог шүлэг “Хар тэнгис”-ийг Та энэ түүврээс нь заавал олж уншаарай.

 

Хүлээлтийн тухай олон алдартай шүлэг байдгаас хамгийн алдартай нь Константин Симоновын

“Намайг хүлээ” болов уу.

 

Хүлээ, намайг хүлээ

 

Хүрч, би чинь ирнэ ээ

 

Үхлээс үхлийг сөрж

 

Гэртээ би харина аа ...

 

Хүн, хүнээс илүү

 

Хүлээж чадсан цагт

 

Яаж миний амьд гарсныг

 

Яваандаа хоёул мэднэ. (Долгорын Нямаагийн орчуулга)

 

Монгол найрагч бүсгүй Ж.Оюунцэцэг тэгвэл “Өөр дөө, өөр” шүлэгтээ хүлээх, итгэхийн тухай ёстой л

өөрийнхөөрөө "өөр" өгүүлжээ.

 

“Цаг хугацаа эмчилнэ ээ, эмчилнэ

 

Цаадахаа чи мартана аа, мартана”

 

Үеийн хүүхнүүд ингэж хэлэх юм

 

Үнэндээ би итгэхгүй ээ, итгэхгүй ...

 

Тэгвэл бас:

 

Чамайгаа гэсээр

 

Урд уулыг давлаа

 

Чамайгаа гэсээр

 

Урт жилийг авлаа ...

 

гэсэн энгийн шүлгээс нь ч уран яруу хийгээд шүлэглэхүйн содон техникийг олж харж болно.

Евгений Евтушенко:

 

Белөй снег идёт

 

И больше я не буду

 

гэснийг Мишигийн Цэдэндорж:

 

Цагаан цасан бударна

 

Цаашдаа би ч бас бутарна

 

гэж орчуулсныг О.Дашбалбар ихэд олзуурхаж ахин дахин иш татаж ярьдаг сан. “Бударна, бутарна”

гэж ирээд л. Тэгвэл би “урд, урт, авлаа, давлаа” гэсэнд нь олзуурхаж байна.

 

“Айлын хоол амттай, айлын авгай ...” гэж нэг үг бий. Олонд түгсэн энэ үгийг хүртэл найрагч маань

шал өөр өнцгөөс харсан байх юм.” Өөр өнцгөөс” л хараад байвал яруунайрагч болчихдог ч юм

бас биш ээ. Бас урнаар харах хэрэгтэй, бас яруу сэтгэх хэрэгтэй. Эл түүврийн 58-р талаас уншигч

Та “Холоос тод харагдана” шүлгийг олж уншаад надтай магад санал нийлэх буй за. Зүрхэнд хүрч

сэтгэлийг догдлон долгилуулаад зогсохгүй цээжинд хадагдан үлдэх увидастай шүлэг эл түүвэрт

дэндүү элбэг байна лээ. Зөвлөлтийн нэг том найрагч хэлсэн байдаг юм: “Хэрэв шүлгийн номонд

нэг сайн шүлэг байвал тэр сайн ном, хэрэв бүр хоёр сайн шүлэг байвал тэр бүр гайхамшигтай

сайн ном болно” гэж. Бүх л юм Зөвлөлтөөс хамааралтай, хамаг л мэдлэг орос хэлээр дамжин

орж ирж байсан хориодхон жилийн тэртээ энэ үг ч бас л ланжгар сонсогдож байж билээ.

Зөвлөлтийн (хуучин нэрээр гэж үү? Хуучин нэрээр гэдэг энэ үг надад нэг л сонин санагддаг юм.

Тэгвэл Пушкинийг хуучин нэрээр Хаант Оросын яруунайрагч гэх хэрэг үү? Цаашилбал Л.Дандар

баатар бол хуучин нэрээр БНМАУ-ын Улсын баатар, бүр цаашилбал Гүег хуучин нэрээр Монголын

Эзэнт Гүрний Их Хаан ... болох уу?!) тэр алдарт найрагчийн (яг хэн нь билээ дээ, уг нь энүүхэнд

байна аа) хэмжүүр үнэхээр ланжгар байжээ. Эсвэл их ланжгар зан гаргасан ч юмуу. Их том бөгөөд

тун өвөрмөц сэтгэсэн болж харагдах ч гэсэн юм шиг. Самореклама ч юм шиг. Ер нь энэ реклаам

мерклаам чинь агуулга хэлбэр нь арай даруухан л болохоос социализмд ч бас байжээ дээ, янз нь.

 

Яаж ч бодсон хэрэв үнэхээр нэг сайн шүлэг бичсэн бол, үнэн ланжгар найрагчийн дэндүү дээгүүр

хэмжүүрт хүрсэн тийм сайн шүлэг шүү дээ, бусад шүлэг нь бүгдээрээ нөгөө мундаг үнэмж-д нь

хүрэхгүй, ер нь бол муухан талдаа байх уу гэсэн нэг асуултаас гадна тийм сайхан шүлэг бичсэн хүн,

тэгэхээр их сайн найрагч болж таарч байна, жигд сайн бичих бус уу гэсэн хоёр дахь асуултаас гадна

ер нь шүлэг найргийг дугаарлаж, байр эзлүүлж болох уу гэсэн гурав дахь, хамгийн чухал асуулт

урган гарна. Ухаан нь, С.Дашдооров, Н.Нямдорж хоёрын нэг, нэг сайхан шүлгийг барьчихаад яг

энэ нь илүү байна, энэ нь л “сайн” шүлэг байна, тэгэхээр нөгөөх нь “сайн” байж чадахгүй, “гурав

нэмэх” шүлэг байна гэж дайраад байвал утгагүй биз дээ. Зөвлөлтийн нэг том ланжгар тэгж хэлжээ

гэхээр л “аа-я-я” гээд толгой сэгсэрч явсан тэр үеэ, өдгөө би шоолон инээж сууна. Харин манай

Жамсрандоржийн Оюунцэцэгийн шинэхэн түүвэрт нь сэтгэлд хүрч зүрх долгилуулаад санаанд

хадагдан үлдэх сайн шүлэг зөндөө байна лээ гэж дахин хэлье.

 

Алтанхан хундага нь

 

Архи хийсэн ч согтохгүй

 

Амраглах юу сэтгэл минь

 

Аргамжаа зэлэнд торохгүй ...

 

Болорхон хундага нь

 

Борооны усанд хиртэхгүй

 

Бодох юу сэтгэл минь

 

Боож хүлсэн ч тогтохгүй ...

 

“Алган дээрхи шувуу” түүвэртээ найрагч, хүүхдийн шүлгүүдээ болоод орчуулсан шүлгүүдээ бас

оруулсан нь уг номыг улам баялаг агуулгатай, олон талтай болгожээ. Таны хүүхдүүд ч унших,

Та хүүхэддээ ч унших, Та хүүхэдтэйгээ ч хамт унших олон сайхан шүлгээс захаас нь сонирхож

сонжвол:

 

Загас унтдаг уу, үгүй юү

 

За байз, яаж мэдэе дээ ...

 

гэхчлэн хүүхдийн сэтгэлгээгээр бичсэн, мөн тэрчлэн “Цурхай”, “Халим”, “Зэвэг” г.м төрөл бүрийн

загасны тухай шүлэг нь хүүхэд багачуулд төдийгүй томчуулд ч танин мэдүүлэх ач холбогдолтой,

уран сайхан шүлгүүд болжээ.

 

Түүнчлэн түүний орчуулсан шүлгүүдээс эрин цагийн хөг, өнгийг төвөггүй олж харж болно. Дээхэн

үед буюу лав л 1980-аад оны сүүл хүртэл МЗЭ-ийн Хороонд орчуулгын шүлгийн тухай, ер нь

урансайхны орчуулгын тухай ярихдаа “энэ үг оросоороо ийм үг, ийм утгатай орос үгийг ингэж

орчуулжээ, Б.Ринчин гуай “Тарас Бульба”-г орчуулахдаа “буудуулсан хурга шиг уналаа” гэхийг

“буудуулсан янзага шиг” болгосон” гэхчлэн ярьдаг сан. “Энэ шүлэг уг нь англиараа ингэж байгаа

 

юмаа” гэж би л лав сонсоогүй. Хаа нэг “Утгазохиол”-д, эсвэл “Цог” сэтгүүлд “францаас, эсвэл

англиас ингэж орчуулжээ” гэсэн лаг шүүмж гарч, а-я-я, англи, франц хэл мэддэг, орчуулдаг, бүр

тэрнийг нь шүүмжилдэг мундаг хүмүүс манайд бас байдгийг бидэнд мэдүүлдэг сэн. Өөрчлөгдсөн

цаг үе, өөрчлөгдсөн нийгмийн тэргүүнд яваагаа яруунайрагч, орчуулагч Ж.Оюунцэцэг АНУ-ын

яруунайргаас, англиас очуулсан бүтээлүүдээрээ зарлан тунхаглаж байна. Эрхэм уншигчид минь, Та

бүхэн яруунайргийн амт шимтэнд умбая гэвэл, 266 тал хуудас бүхий “Алган дээрхи шувуу” номын

ертөнцөөр, Жамсрандоржийн Оюунцэцэгийн яуунайргийн ертөнцөөр заавал аялаарай.

 

Л.БАТБАЯР

 

12 – 30 – 2012.

No comments:

Post a Comment