Wednesday, April 3, 2013

АМЕРИК ЯРУУ НАЙРГААС.


ХИЗЕР  МАКЬЮ.

               ФИЗИК.

                Бурхангүй газар бумба галзуурна.{орч}

Хадат, Утаат, Цэнхэрлэх уулс

Хайлж урссан хайрган зүрхтэй,

Өөдөө доошоо өөрчлөгдөх

Өөрийн гэсэн ааш аальтай

Санаашран бодлогoшрох мэт

Саруулхан тэнгэр нуур мэт цэлийнэ.

Сануулга мэт сарыг хар гэж

Сайхан нүд бидэнд хайрласан.

Татах хүч биднийг эргүүлэнэ,хөрвүүлэнэ.

Тааруулж бүдэгхэн гэрэл шөнөдөө илгээнэ.

Он цагийн хүрдэнд ч,унаа тэрэгний хүрдэнд ч

Ороо морь шиг давхилдана ,бид.

Гагцхүү амьдрах үедээ биш,

Гадагшаа дотогшоо гурван алд ч биш,

Бие биенээ мөнхөд хайрлахыг хүснэ.

Өглөг төдий биш, жинхэнээсээ

Өглөөн нарыг,шөнийн сарыг,өөрсдийгөө

Өнгөлөг,мөнгөлөг,үүрд байгаасай гэж хүснэ.

Унахад түшиг гэж хайр дурлалыг зохиосон.

Удалгүй дараа нь Бурханыг зохиосон.

Бурхантайгаа зэрэгцтэлээ дээшлэх гэж л

Бурханаа бид дээр гэгч залсан.

 

КИМ АДДОНИЗИО.

            Хулгайлсан мөч.

Юу боллоо,юу боллоо? Санаанд тодхон.

Амт нь бүхлээрээ,халс нь бүтнээрээ жүрж

Аманд хүйт оргиод л, уруул хэл уулзсан,

Хоёр нүцгэн бие, хүйтэн хөргөгч

Халуу оргитол нуруу нухаж билээ.

Үе үе тэр мөчөө санахуйяа

Бие чичирч,тархи минь доргих шиг болно.

Хайр дур минь миний биенээс

Ханатлаа гараагүй юм шиг санагдана.

Жүржээ бид идчихсэн л дээ.

Ягаан цэцэг хоолны ширээн дээр,

Янаг минь чи бид хоёрт

Яг бүтэн цаг байсан даа.

          Орчуулсан Жамсрандоржийн Оюунцэцэг.

 

 

 

No comments:

Post a Comment